Буцах

“Улсын Их дэлгүүр”-т ажиллаж байсан үе үеийн ахмад ажилчдад хүндэтгэл үзүүллээ

Монгол Улсын худалдааны салбар үүсэж хөгжсөний 100 жил, “Улсын Их Дэлгүүр” -ийн 100 жилийн ой 2021 онд давхар тохиож байсан. “Улсын Их Дэлгүүр”-ийн анхны суурь “Хоршоо” нэртэй /жижиг дэлгүүр/ байгуулагдсан нь 1921 онд Ардын Хувьсгал ялсны дараа Сангийн яамны харъяанд Монгол ардын харилцан туслалцах хоршооны хэлтсийг байгуулсантай нас чацуу юм.

Хоршооноос эхлээд Өндөр хоршоо хэмээн дуудагдаж явсаар өнөөдөр "Улсын Их дэлгүүр" хэмээн ард түмнээ хүндлэгдсээр өнөөдөр дэлхийн төвшинд гарсан их дэлгүүр маань жил бүр үе үеийн ахмад ажилчид, азай буурлуудаа хүлээн авч уулзан, сэтгэлийн гарын бэлгийг өгч нэгэн өдрийг дурсамж дүүрэн өнгөрүүлсээр ирсэн билээ.

“НОМИН Холдинг” болоод “Улсын Их дэлгүүр”-ийн ахмад настны тоо нийлээд 400 орчим байдгийн 300 гаруй нь зөвхөн “Улсын Их дэлгүүр”-ээс ажлын гараагаа эхлэн тэтгэвэрт суутлаа ажилласан ахмад буурлууд байдаг билээ. Энэ жилийн хувьд Сар шинийн өмнөхөн буюу 2024 оны 1-р сарын 30-ний өдөр төлөөлөл болсон 250 гаруй ахмадуудаа хүлээн авч урлаг соёлын тоглолттой, гарын бэлэгтэй, олон медаль гардуулж хуучин цагаа дурсан санаж сэтгэлийг нь сэргээсэн уулзалт зохион байгууллаа.

100 гаруй жилийн түүхтэй ”Улсын Их Дэлгүүр” нь өнөөдөр “Хүний хэрэгцээ цөм бүрэн” цогц үйл ажиллагааг төвлөрүүлэн амжилттай ажиллаж байгаа билээ.

Өнгөрсөн түүх болоод амжилт бүтээл бүхэн хүрэлцэн ирсэн эрхэм хүндэт ахмад ажилчдын нөр их хөдөлмөр, хичээл зүтгэлтэй салшгүй холбоотой билээ.

Эрхэм хүндэт үе үеийн удирдлага, нийт ажилтнууддаа Сар шинийн баярын халуун мэндийг хүргэж эрүүл энх, сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе!.

 

“НОМИН Холдинг” ХХК

“УИД” ХК  

2024.01.30