Улсын Их Дэлгүүр нь нэгэн зууны турш сүндэрлэн байгаа Монгол улсын биет соёлын өв юм. Анх Зөвлөлт Холбоот Улсын мэргэжилтнүүдийн тусламжтайгаар суурь нь тавигдан Төв дэлгүүр нэртэйгээр ашиглалтад орсноос хойш 100 жилийн түүхийг бүтээж өв соёлоо хадгалан ирсэн Монгол улсын Түүхэн дурсгалт барилга байгууламжийн Дээд зэрэглэлд багтах биет соёлын өвийн нэг болсон үнэ цэнэтэй байгууламж юм.
Улсын Их Дэлгүүр нь дэлхийн шилдэг брэндүүдийн цахилгаан бараа, гэр ахуйн бараа, гоо сайхны бүтээгдэхүүн, эрэгтэй эмэгтэй хүүхдийн брэнд хувцас, гутал цүнх зэргийг худалдаалахаас гадна банк санхүү, даатгал, зээлийн үйлчилгээ, АТМ, ТҮЦ машин, цэцэг бэлэг дурсгалын үйлчилгээ, кино театр, хүүхдэд зориулсан үйлчилгээний төвүүд, олон нийтэд нээлттэй түүхэн булан, хоолны газрууд, хүнс барааны супермаркет гээд бүх төрлийн бүтээгдэхүүн үйлчилгээг нэг дор төвлөрүүлсэн, дэлхийн жишигт хүрсэн “Олон жилийн баялаг түүхтэй орчин үеийн хэв шинж бүхий Монголын хамгийн том худалдааны төв” юм.
1921 онд ЗХУ мэргэжилтнүүдийн тусламжтайгаар суурь тавигдан Төв дэлгүүр нэртэйгээр үүсгэн байгуулагдсан.
1924 онд ашиглалтад орохдоо дарга сургагч, ахлах нягтлан бодогч, дансны сургагч, тооцооны нягтлан бодогч, дансны дагалдан, барааны сурган боловсруулах мэргэжилтэн зэрэг 20-иод орон тоотой байсан.
1933 онд шинэ байранд /одоогийн уран зургийн галерей/ орсноор "Өндөр хоршоо" гэж нэрлэгдэх болсон. Ингэснээр хүнс болон өдөр тутмын барааг төвлөрүүлсэн 5 танхимд 40-өөд ажилтан ажиллаж байсан.
1959 онд буюу Ардын хувьсгалын 40 жилийн ойн баярын өмнө БНМАУ-ын Засгийн Газрын шийдвэрээр 150 сая төгрөгийн хөрөнгөөр улсын хэмжээний худалдааны нэгдсэн төв барьж байгуулахаар төлөвлөв. Ингэснээр Хятад барилгачид ажиллан 1961 оны 6 сарын 28-ний өдөр ашиглалтад оруулсан. Тэр өдрөөс эхлэн "Улсын Их Дэлгүүр" хэмээн нэрлэгдэж, өнөөг хүртэл олон түмний талархлыг хүлээн үйл ажиллагаагаа эрхлэн явуулж байна.
1971 онд Монголд анх удаа Улсын их дэлгүүр нь өөртөө үйлчлэх системийг нэвтрүүлж хэрэгжүүлсэн.
1996 онд төрийн өмчид байсан "Улсын их лэлгүүр"-ийг Монгол Улсын Засгийн Газрын шийдвэрээр "Улсын Их Дэлгүүр" хувьцаат компани болгон өөрчилсөн.