Монгол улсад өнөөдрийн байдлаар 115,000 гаруй хөгжлийн бэрхшээлтэй иргэн байгаагаас 12 орчим хувь нь хүүхдүүд байна. Сүүлийн жилүүдэд дэлхий дахинд болон манай улсад ч хурдтай нэмэгдэж байгаа эмгэг бол “АУТИЗМ” билээ. Тус Аутизмын хүрээний эмгэгтэй хүүхдүүдийн түгээмэл илэрдэг шинж тэмдэг нь нэрээр нь дуудахад эргэж харахгүй, бусадтай харилцаа үүсгэхдээ муу, хэт төвлөрсөн үедээ гараа нүдний хажууд байрлуулан гараа сэгсрэх, доороо үсрэх, хэлд орохдоо удаан, хэт хөдөлгөөн ихтэй, шинэ орчинд дасан зохицох дургүй байх, нийгэмшихдээ харьцангуй удаан зэрэг хэд хэдэн янзаар дээрх эмгэг илрэх бөгөөд хөнгөн, дунд, хүнд хэлбэрийн эмгэгүүд байна. Аутизмын хүрээний эмгэгтэй хүүхэд бүхэн харилцан адилгүй байдаг бөгөөд хоол, эм тариа, витамин, тэжээл зэрэг нь онцлог, биеийн байдлаас нь шалтгаалан өөр өөр байдаг. Тэр ч бүү хэл тэднийг сургах үйл явц нь хүртэл харилцан адилгүй билээ. Харин одоо байгаа хөгжлийг нь ухраахгүй байхын тулд тэдэнд антибиотик бүхий эмийг хэрэглүүлж хэрхэвч болохгүй гэж олон улсын эмч нар зөвлөдөг. Хөгжлийн бэрхшээлтэй бяцхан жаалууд минь доороосоо даарах, ядрах, сульдах зэргээс шалтгаалан ханиад хүрэх нь элбэг байдаг ба эмчилгээний арга нь аль болох антибиотик хэрэглэхээс аав, ээж нь болон эмч нар татгалздаг байна.
Жил бүр хөгжлийн бэрхшээлтэй 2800 гаруй хүүхдүүд тодорхой шалтгаануудын улмаас болж сургуульд явж чадахгүй гэртээ үлдсэн хэвээр байна. Хичээлдээ өдөр бүр тасралтгүй явж байж тэд тэгш хөгжих суурь нь болдог. Тэгвэл “ДҮРСГҮЙ НАВЧ” НҮТББ энэхүү асуудлыг бага ч гэсэн шийдэхийн тулд “АУТИЗМ” -ын хүрээний эмгэгтэй болон бусад хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдэд зориулж “БЯЦХАН ХӨЛҮҮДИЙГ ДУЛААЦУУЛАХ” аяныг 2 дахь жилдээ санаачлан зохион байгуулагдаж байгаа бөгөөд “НОМИН ХОЛДИНГ” ХХК -аас энэхүү аяныг дэмжин Баянгол дүүргийн ерөнхий боловсролын тусгай 70-р сургууль, Баянзүрх дүүргийн ерөнхий боловсролын тусгай 55-р сургууль, Сүхбаатар дүүргийн ерөнхий боловсролын Монгол 3-р сургууль болон “ЭНЭРЭЛ” хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн сургалт, хөгжлийн төвийн нийт 30 гаруй хүүхдүүдийн хөөрхөн бяцхан хөлүүдийг хүйтэн өвлөөс урьтаж дулаан гуталтай болголоо.
ХҮҮХЭД БҮР ЭРҮҮЛ БАЙЖ, ТЭГШ, ХҮРТЭЭМЖТЭЙ БОЛОВСРОЛД ХАМРАГДАХ БОЛТУГАЙ.