Үйлдвэрлэлийн орчин, ажлын байрны хөдөлмөрийн нөхцөлийг сайжруулж, ажилтныг үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалсан өвчин, бусад эрсдэлээс хамгаалах, урьдчилан сэргийлэх чиглэлээр аж ахуйн нэгж байгууллагаас явуулж буй үйл ажиллагаа, санаачилгыг урамшуулан дэмжих, сайн туршлагыг түгээн дэлгэрүүлэх зорилгын хүрээнд Хөдөлмөр нийгмийн хамгааллын яам, Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн үндэсний хороо, Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл мэндийн төвөөс “ЭРҮҮЛ АЮУЛГҮЙ АЖЛЫН БАЙРЫГ ЭРХЭМЛЭГЧ БАЙГУУЛЛАГА” уралдааныг 13 дахь жилдээ зохион байгууллаа.
Энэхүү болзолт уралдаанд “Номин Холдинг” ХХК нь "Төрийн болон үйлчилгээ" төрөлд Тэргүүн байр эзэлж цом, батламж гардан авлаа.
“Номин Холдинг” ХХК-ийн Дижитал шилжилт, Үйл ажиллагааны сайжруулалтын газрын ХЭМАБ-ын удирдлагын хэлтэс, салбар нэгжүүдийн инженерүүд нь группийн хэмжээнд буюу компанийн нийт ажилтнуудын эрүүл аюулгүй ажлын байр бий болгох, гарах эрсдэлээс хамгаалах, урьдчилан сэргийлэх чиглэлээр байнгын үйл ажиллагааг тогтмол зохион байгуулж, ISO45001:2018 Хөдөлмөрийн эрүүл мэнд, аюулгүй байдлын олон улсын стандартыг 2016 оноос хойш нэвтрүүлж, тасралтгүй сайжруулан ажиллаж байна. Мөн компанийн бүх бизнес, нэгж, ажилтан бүрийг оролцуулан жил бүр 3-4 сарын хугацаанд үргэлжлэх уралдаант аяныг жил бүр зохион байгуулж, шилдгүүдээ шалгаруулан дүгнэдэг уламжлал тогтсон төдийгүй 2024 онд:
* Ажилтны ба удирдлагын оролцоог нэмэгдүүлэх зорилгоор ХЭМАБ-ын уралдаант аяныг 4 дэх жилдээ бүх салбар нэгжүүдийн дунд зохион байгуулж, ажилтнуудыг мэдлэгээр хангах, чадавхжуулах, шат шатны сургалт, дадлагажуулах ажлыг зохион байгуулсан
* Сургалт мэдлэг түгээх чиглэлээр нийт ажилтны сургалт, ажил олгогч эздийн сургалт зохион байгуулах эрхийг холбогдох салбар яамнаас авч эрхийн дагуу энэ онд 4 төрлийн 25 сургалт төлөвлөн зохион байгуулж, дотооддоо болон гадны байгууллагуудад сургалт зохион байгуулж эхэлсэн
* Нийт ажилтнуудын сургалтыг жилд 2 удаа зохион байгуулж 5,431 ажилтныг хамруулсан байна
* ХЭМАБ-ын мэдлэг түгээх зорилгоор "ХЭМАБ-ын өдөрлөг" 3 байршилд зохион байгуулж, дунд шатны удирдлагын зөвлөгөөнийг зохион байгуулж 216 удирдлагуудыг хамруулжээ
* Жил бүр нийт ажилтнуудын дунд Эрүүл мэндийн урьдчилсан болон хугацаат үзлэг шинжилгээг тогтмол зохион байгуулдаг ба ажлын байрны эрсдэлийг бууруулах чиглэлээр бизнес, салбар бүрийн эрсдэлийн үнэлгээг хамтран гүйцэтгэж хариу арга хэмжээ төлөвлөн зорилтот болон төлөвлөгөөт байдлаар ажлын байрны ХЭМАБ-ын эрсдэлийн хяналтуудыг тогтмол хийж гүйцэтгэж, илэрсэн эрсдэлүүдийг бууруулах ажлыг тасралтгүй зохион байгуулж байна.
* ХЭМАБ-ын удирдлагын тогтолцоонд хамаарах процессуудыг автоматжуулах дотоодын системийг хөгжүүлэн, үйл ажиллагаанд нэвтрүүлж эхэлсэн нь энэ чиглэлд дижитал шилжилтийг хийх томоохон алхам болсон
* ХНХЯ-ны харьяа ХАБЭМ төвтэй хамтын ажиллагааны санамж бичиг байгуулан улсын болон орон нутгийн хурал зөвлөгөөн, арга хэмжээнүүдэд тогтмол оролцож, компанидаа төдийгүй нийтэд мэдлэг, туршлагаа хуваалцах, нийгмийн хариуцлагын хүрээнд хамтарсан олон олон ажлуудыг хэрэгжүүллээ.
“Номин Холдинг” Групп компанийн нийт 6,200 ажилтануудын нэрийн өмнөөс Дижитал шилжилт, Үйл ажиллагааны сайжруулалтын газрын ХЭМАБ-ын удирдлагын хэлтэс болон ХЭМАБ-ын салбар нэгжүүдийн инженерүүд та бүхэнд халуун баяр хүргэж, шинэ он шинэ жилийн баярын мэнд хүргэж байгааг хүлээн авна уу.
2024.12.26