Буцах

“Номин Холдинг” ХХК нь Тэтгэврийн дараах хөдөлмөр эрхлэлтийг дэмжин ажиллаж байна

Ажлын талбарт бүтээмжийг хэмжих олон арга бий. Гэвч хамгийн үнэтэй бөгөөд урт хугацааны үр дүнтэй арга бол туршлагаар баяжсан бүтээмж юм. Судалгаагаар ахмад ажилтнуудын туршлага нь залуу ажилтнуудын бүтээмжийг 20-30%-аар нэмэгдүүлдэг болохыг тогтоосон байна. Энэ нь зөвхөн ажилтны өдөр тутмын ажлын арга барилд нөлөөлөөд зогсохгүй байгууллагын өрсөлдөх чадварыг дээшлүүлж, чанар, үр дүнг сайжруулдагт оршдог.

Америкийн Үндэсний ажил эрхлэлтийн холбооны (BLS) судалгаагаар ахмад ажилтнуудын 60% нь ажиллах орчинд илүү бүтээлч, найдвартай шийдвэр гаргадаг нь тогтоогджээ. Мөн Олон Улсын томоохон компаниудын дунд явуулсан судалгаагаар ахмад ажилтнуудын мэдлэг, туршлагаас суралцсан багуудын бүтээмж 35%-иар дээшилсэн нь нотлогдсон байна.

Гэр бүл, Хөдөлмөр, Нийгмийн хамгааллын яамнаас 2023 оноос эхлэн ахмадын хөдөлмөр эрхлэлтийг дэмжих хөтөлбөрийг хэрэгжүүлж эхэлсэн бөгөөд “Номин Холдинг” ХХК нь энэ чиглэлд ямар үйл ажиллагаа явуулж байгааг тус компаний "Хүний Нөөц Бодлогын Газар"-ын Захирал Б.Оюунболортой цөөн хором ярилцлаа.

Сурвалжлагч: Сайн байна уу? Таньд өдрийн мэнд хүргэе! “Номин Холдинг” Компани нь ахмад настнуудын хөдөлмөр эрхлэлт тэр дундаа тэтгэврийн дараах хөдөлмөр эрхлэлтийг хэрхэн дэмжин ажиллаж байгаа вэ? Энэ талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгнө үү?

Захирал Б.Оюунболор: Сайн байцгаана уу? Та бүхэнд өдрийн мэнд хүргэе!

Бидний хувьд үйл ажиллагаагаа явуулаад 32 жил болж байгаа бөгөөд энэхүү хугацаанд анхнаасаа ахмад ажилтнуудаа дэмжиж хамтран ажилласаар ирсэн. 2024 оны байдлаар манайд өндөр насны тэтгэвэртээ гараад үргэлжлүүлэн ажиллаж байгаа болон шинээр ажилд орсон 300 гаруй ахмад ажилтнууд дэлгүүрийн менежер, нягтлан бодогч, туслах мэргэжилтэн, үйлчилгээний ажилтан, тээшийн ажилтан зэрэг албан тушаалуудад бидэнтэй мөр зэрэгцэн ажиллаж байна. Бид ахмад ажилтнууддаа дараах боломжуудыг олгож байна. Үүнд:

* Гэртэйгээ ойр салбарт ажиллах

* Цагаар болон гэрээт ажилтнаар ажиллах боломж

* Уян хатан цагийн хуваарь

* Өрсөлдөхүйц цалин хөлс

* Нийгмийн хамгааллын бодлого, хөтөлбөр

Сурвалжлагч: “Номин Холдинг” ХХК-ийн Хүний нөөцийн бодлогын онцлог юу вэ? 

Захирал Б.Оюунболор: Манай компани нь хүний нөөцийн бодлогодоо олон улсын ISO:30400 стандартыг амжилттай нэвтрүүлсэн анхны Монгол компаниудын нэг юм. Энэ стандарт нь ажилтнуудыг бүтээмжтэй, аз жаргалтай ажлаа хийх хамгийн таатай нөхцөлүүдийг бий болгоход чиглэдэг. Энэ утгаараа бид ажилтнуудын ялгаатай байдал, ажил, насны онцлог зэргийг харгалзан түүнд тохирсон бодлогуудыг хэрэгжүүлэхийг зорьдог.

Хүний нөөцийн бодлого маань “Аз жаргалтай ажилтан” гэсэн зарчим баримтлан хэрэгждэг. Тухайлбал:

Өндөр цалингийн баталгаа: Үүнд ямарч албан тушаалын, ямар ч насны хүн үнэхээр бүтээмжтэй, өндөр гүйцэтгэлтэй ажилладаг бол хамгийн өндөр цалинг авах боломжтой байдаг.

Эрүүл, аюулгүй ажлын орчин: Өдөр бүр ажлын байрны аюулгүй байдал, эрүүл ахуйн шаардлагыг хангуулан ажиллахыг шаардаж, хяналт тавьдаг.

Сурвалжлагч: Ажил горилогч танай байгууллагад ажилласнаар ямар давуу талтай вэ?

Захирал Б.Оюунболор: “Номин Холдинг” Групп маань Худалдаа, Барилга, Технологи, Санхүү, Гадаад худалдаа гэсэн таван чиглэлд үйл ажиллагаа явуулдаг. Энэ нь ажилтнуудад энэ бизнесүүдэд хөрвөн ажиллах, тал талын мэдлэг, туршлага хуримтлуулах боломжийг бий болгодог. Номингийн гэр бүлд нэгдсэн хүн бүр хөтөлбөрүүдэд хамрагдах боломжтой байдаг.

* Карьер хөгжлийн хөтөлбөр

Албан тушаалаа ахиулах, өөр албан тушаалд шилжих зэрэг бүхий л карьерын өсөлтийг дэмжин, шаардлагатай ур чадвар, мэдлэгийг олгох сургалт, хөтөлбөрүүдэд ажилтнуудыг хамруулдаг. Удирдан ажилтан бэлтгэх хөтөлбөрийн жилдээ 2 удаа зохион байгуулдаг. Цаашид энэхүү хөтөлбөрийг илүү өргөн хүрээтэйгээр хэрэгжүүлэхээр төлөвлөж байгаа.

* Боловсролыг дэмжих хөтөлбөр

Энэхүү хөтөлбөрөөр дамжуулан ажилтнууд ажлын байрандаа сурж хөгжих, Монголдоо төдийгүй гадаад улсад их, дээд сургуулийн боловсролын зэргээ дээшлүүлэх, олон улсын сургалтын агуулгаар мэдлэг, боловсролоо дээшлүүлэх бүрэн боломжтой ба хобби, сонирхлын дагуу компанийн дотоод сайн дурын сонирхлын клубүүдэд нэгдэх боломжтой байдаг.

* Биеийн болон сэтгэл зүйн эрүүл мэндийг дэмжих хөтөлбөр

Номинд ажилд орсон эхний өдрөөс “Ажилтан” бүр гэнэтийн ослын даатгалд хамрагддаг. Байгууллагын дэргэдэх эмч, сэтгэл зүйчтэй учир хэрэгцээ шаардлагатай хүн бүрт хүрч ажиллахыг хичээдэг. Биеийн эрүүл мэндийг дэмжсэн зөвлөгөө, сургалт, дархлаажуулалтыг улирал бүр явуулдаг төдийгүй сэтгэл зүйн сургалт, зөвлөгөөг явуулж эхлээд байгаа.

* Ажил, амьдралын зохистой харьцааг хадгалах хөтөлбөр

Ажил амьдралын зохистой харьцааг хадгалах хөтөлбөрийн хүрээнд уян хатан ажлын цагт шилжиж, зайнаас ажиллах боломжийг ажилтнууддаа олгодог. Тухайлбал, уян хатан ажлын цагт шилжсэнээр өглөө 07-10 цагийн хооронд ажлын цагаа сонгодог болсноор хүүхдүүдээ цэцэрлэг, сургуульд хүргэж өгөх, авах асуудлууд шийдэгдэж, манай ажилтнууд сэтгэл ханамжтай ажиллаж байна.

Хамт олны, багийн уур амьсгалыг дэмжсэн спорт өдөрлөг, мэргэжил сурталчилах өдөрлөг, тэмцээн уралдааныг зохион байгуулж ажлаас гадуурх үйл ажиллагааг мөн анхаарч ажилладаг.

“Номин Холдинг” Групп маань 6,200 гаруй ажилтнуудтай. Үүний 5,000 гаруй нь байнгын ажлын байранд үндсэн ажилтнаар ажилладаг бол 1,000 гаруй нь цагийн ажлын байранд ажилладаг. Цагийн ажлын байранд ихэвчлэн оюутнууд, урт цагаар ажиллах боломжгүй ээжүүд, ахмад настан ажилладаг. Зарим ажлын байранд зайнаас ажиллах боломж ч манайд байгаа.

Эдгээд ажилтнууд бүгд үе үеийн насны төлөөлөл байдаг учир манай байгууллагын соёл олон талт байдлыг дэмжсэн байдаг.

Хэнийг ч ялгахгүй “Нэг баг нэг мөрөөдөл” уриатай ажилладаг. Тиймээс ахмад настай, ажлын туршлагагүй, дээд боловсролгүй, байнгын ажил хийх боломжгүй зэрэг ямар ч нөхцөл байдалтай байсан ажил хийх хүсэлтэй хэн бүхэнд манай байгууллага нээлттэй байдаг.

Сурвалжлагч: Дээр дурдсан ажлын байруудад ажиллах хүсэлтэй бол хаана хэрхэн хандах вэ?

Захирал Б.Оюунболор: Ажилд орох хүсэлтэй бол та өөрт ойр байгаа Номингийн сүлжээ дэлгүүрт очиж, тухайн дэлгүүрийг хариуцсан Дэлгүүрийн менежерт хандан ажилд орох хүсэлтээ илэрхийлэх боломжтой. Мөн 89885583, 89885584, 89885579 дугаарт хандан ажилд орох болон ажлын байртай холбоотой мэдээлэл авах боломжтой.

Мөн манай компанид зарлагдсан бусад нээлттэй ажлын байрны мэдээллийг https://www.facebook.com/HR.Nominholding  Фейсбүүк хуудас болон https://www.zangia.mn/company/nominholding холбоосоор харах боломжтой.

Сурвалжлагч: Ярилцсанд баярлалаа, таны ажилд амжилт хүсье!

2024.10.09