“Номин Трейдинг” ХХК нь 2022 оноос эхлэн “Обзерв консалтинг” Зөвлөх үйлчилгээний байгууллагатай хамтран Нэгдсэн менежментийн тогтолцоо буюу Чанарын менежментийн тогтолцоо ISO 9001, Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн менежментийн тогтолцоо ISO45001, Байгаль орчны менежментийн тогтолцоо ISO14001 стандартын шаардлагыг үйл ажиллагаандаа үе шаттайгаар ханган ажиллахаар зорьж салбар нэгж бүрийн шилдэг менежерүүдээр төслийн багаа бүрдүүлэн ажиллаж эхэлсэн билээ.
Олон Улсын Стандартуудыг нэвтрүүлэх БИДНИЙ үндсэн зорилго бол хэрэглэгч үйлчлүүлэгчдийн сэтгэл ханамжийг нэмэгдүүлэх, ажилчдыг аюулгүй орчинд хөдөлмөрлөх нөхцөлийг бүрдүүлэх, үйл ажиллагаагаа байгаль орчинд ээлтэй байдлаар явуулж, бизнесийн салбар бүрийн тэргүүн туршлагыг судлан түүнийг жишиг болгон хөгжүүлж, тасралтгүй үйл ажиллагаандаа нэвтрүүлэх явдал билээ.
Бид нэгдсэн менежментийн тогтолцооны шаардлагыг хангах сууриа бэлдэж Төслийн багийн гишүүдийн чадавхыг дээшлүүлэх, салбарын хэмжээнд удирдлага болон ажилтнуудаа чиглүүлэн ажиллах ур чадвартай болгохоор зорьж шат дараатай сургалтыг хийж, чадварлаг менежерүүдийг бэлдэв.
2023 онд 3 стандартын хүрээнд шаардлагуудыг хангах бэлтгэл ажил хийгдэж, ХАБЭА-н стандартын хүрээнд бүхий л сургалтуудад нийт ажилтнуудыг хамруулж, хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйтай холбоотой бүхий л хууль тогтоомжид нийцэж ажиллан, ажилтны хөдөлмөрлөх орчин нөхцөл, аюулгүй ажиллагаанд түлхүү анхааран ажилласан.
2024 онд Чанарын соёлыг түгээх, нийт салбар нэгж компанийн хэмжээнд процесст суурилсан сэтгэлгээг хөгжүүлэх, түгээх, ажилтнуудад Нэгдсэн менежментийн тогтолцооны ач холбогдол, үр өгөөжийг хүртээх, өдөр тутмын ажилд нь үйл хэрэг болгох ажлуудыг хийж хэрэгжүүлэв. Мөн Байгаль орчинд чиглэсэн үйл ажиллагааг эрчимтэй хэрэгжүүлж эхэлсэн бөгөөд эрчим хүчний хэрэглээг бууруулах, хог хаягдлын менежментийг цогцоор хэрэгжүүлэх, хүлэмжийн хийн ялгарлыг бууруулахад чиглэсэн томоохон ажлуудыг хэрэгжүүлэн ажиллалаа. Мөн “Номин Холдинг” ХХК Олон Улсад хүлээн зөвшөөрөгдсөн ISO30405, ISO30406, ISO30407, ISO30408 болон ISO30409 гэх 5 стандартыг үйл ажиллагаандаа амжилттай нэвтрүүлж, жил бүр баталгаажуулсаар байгаа билээ.
Тэгвэл энэ 2024 оны 12-р сараас эхлэн Импорт, Экспорт, Дистрибюшны бизнесийн үйл ажиллагааг явуулдаг “Номин Трейдинг” ХХК болон түүний нэгдэлд хамаарах 6 охин компаниуд болох “Номин Фүүдс Интернейшнл” ХХК, “Номин Фейшн” ХХК, “Номин Хоумстайл” ХХК, “Номин Ложистик” салбар, “Номин Лифт” салбар болон “Номин Косметинкс” салбарууд:
1. Чанарын удирдлагын тогтолцоог хэрэгжүүлэх ISO9001
2. Байгаль орчны менежментийг хэрэгжүүлэх ISO14001
3. Аюулгүй байдлын асуудлуудыг хэрэгжүүлэх ISO45001 зэрэг Олон Улсад хүлээн зөвшөөрөгдсөн 3 стандартуудыг зэрэг амжилттай нэвтрүүлснээр МОНГОЛДОО АНХДАГЧ боллоо.
Нэгдмэл Менежментийн Тогтолцоог нэвтрүүлснээр чанар стандартын шаардлага хангасан бүтээгдэхүүнийг импортлон, хэрэглэгчийн сэтгэл ханамжид нийцсэн үйлчилгээг үзүүлэхээс зэрэгцээ байгууллагын ерөнхий чадавхыг дээшлүүлэхийг зорьж, байгууллагын соёл, засаглал, өрсөлдөх чадвараар дамжуулан бүтээмжийг нэмэгдүүлж, үр ашгийг дээшлүүлэхэд чиглэсэн цогц системтэйгээр ажиллаж, дэлхийн хэмжээнд үйл ажиллагаа явуулах боломжийг олгодгоороо онцлог юм.
Бид үйлчлүүлэгч, харилцагч төдийгүй байгууллагынхаа ажиллах хүчний эрүүл орчин, аюулгүй байдлыг хангасан, итгэл даахуйц компани гэдгийг Олон Улсын түвшинд баталж буй явдал юм.
2025.01.03